Хариуцлагатай уул уурхай

Байгаль орчин

Байгаль Орчин

Манай компанийн баримталж буй  бодлого  нь өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үүсч болох ямарваа нэг сөрөг нөлөөллийг олон улсын болон үндэсний байгаль орчны менежментийн хамгийн шилдэг арга барил дээр тулгуурлан бууруулах, багасгах замаар хэрэгжүүлэх явдал юм. 

Байгаль орчны хэлтсийн үйл ажиллагаа байгаль орчны менежмент, орчны хяналт шинжилгээ мөн олон нийтийн ажил гэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдэнэ.

Байгаль орчны менежмент

Баян Айраг төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2013 оны 4-р сарын 13-ны өдөр Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн яамаар батлуулсан. Тус үнэлгээний тайлангийн дагуу байгаль орчны менежментийн ба химийн бодисын менежментийн төлөвлөгөө мөн байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулж байгаль орчны асуудал хариуцсан төрийн байгууллагад баталгаажуулахаар хүргүүлсэн.

Баян Айраг төслийн ажилчдын хотхон болон барилга угсралтын ажилд зориулж ойролцоох сумдын нутагт орших худгуудаас ус татаж, ашиглаж байна. Ашиглаж буй худгийн харьяа сумын захиргаа болон худгын эзэдтэй хамтын гэрээ байгуулан ажиллаж байна.

Төслийн цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай усны эрэл хайгуулыг 2007 оноос хийж эхэлсэн бөгөөд хайгуулын явцад тогтоосон Эрдэнэхайрхан сумын нутагт орших гүний усыг төслийн үйлдвэрлэлийн явцад ашиглахаар төлөвлөөд байна.

Дээрх гидрогеологийн хайгуулын ажлын судалгааны тайланг Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад албан ёсоор өргөн барьж, 2013 оны 4-р сарын 19-ний өдөр  батлагдсан.

Хог хаягдал

Барилга угсралт, уурхайн үйлдвэрлэлийн явцад үүссэн хог хаягдал нь өндөр түвшний зохион байгуулалт, менежментийг шаарддаг. Бид өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлын хэмжээг хамгийн бага байлгах, дахин ашиглагдахгүй хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй технологиор устгах, булах ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч ажилладаг.

Савласан ундны усыг Улаанбаатар хот болон Дөрвөлжин сумаас төслийн талбайд авчирч хэрэглэж байна. Үүнээс гарах хаягдал хуванцар савыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, зориулалтын зөөврийн агуулахад хадгалан Улаанбаатар хотод дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх зорилгоор газраар тээвэрлэдэг.

Бүх төрлийн цаас болон цаасан хайрцгийг ангилан ялгаж, багцлаад Дөрвөлжин сумын иргэдийн хэрэгцээнд өгч байна.

Хүнд болон хөнгөн машин механизмд ашигласан тос, тосолгооны материалыг зориулалтын хадгалах цэгт цуглуулж, хадгалж байна. Өвлийн улиралд засварын цехийг халаах зорилгоор ашигласан тосоор ажилладаг зориулалтын халаах зуухнуудыг байрлуулсан бөгөөд тодорхой хэсгийг нь үүнд шатаадаг.

Үлдсэн  хаягдал тосыг Улаанбаатар хот дахь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх болно. Ашигласан тосны шүүлтүүрүүдийн тосыг нь шавхаж өндөр температурын шатаах зууханд шатааж, идэвхгүй болсоны дараа үлдсэн металл хаягдлыг хогийн цэгт хаядаг.

Дахин ашиглахгүй металл хаягдлыг Улиастай хот дахь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэх хүртлээ түр хадгалах цэгт хадгалдаг.

Бид модны хаягдлыг бууруулахын тулд хаягдал модыг барилгын хэрэгцээнд дахин ашиглах, дахин ашиглах боломжгүй жижиг хэсгүүдийг нам даралтын зууханд шатаах эсвэл гэрүүдийг халаах зорилгоор зууханд түлж байна.   

Төслийн барилгын ажил болон ажилчдын хотхоноос гарч байгаа ахуйн хог хаягдлыг дахин ашиглах, дахин боловсруулахад тохиромжгүй юм. Манай төслийн талбай нь орчин үеийн хог хаягдал хаях байгууламжаас хол зайтай байрладаг. Ийм учраас манай компани Дөрвөлжин сумын захиргаатай хамтарч ахуйн болон идэвхгүй үйлдвэрлэлийн хог хаягдал хаях зорилгоор ландфиллийн хогийн цэгийг байгуулсан. Ландфиллийн хогийн цэгт орон нутаг болон төслийн хог хаягдлыг хаяж байгаа ба шаардлагатай үед компани нь хаягдлыг булах тоног төхөөрөмжөөр тусалж байна.

Төслийн хотхоны ахуйн хэрэглээнээс гарч буй бохир усыг цэвэршүүлэх байгууламжид цэвэрлэж, саарал ус болгон үл нэвчих 2 усан санд хуримтлуулж, ургамал болон замын усалгаанд тоосжилтыг бууруулахад  ашиглаж байна.

Тоосжилт

Элсэн болон шороон шуурга Дөрвөлжин суманд элбэг тохиолдох бөгөөд салхи ихтэй хавар, намрын улиралд их тохиолддог. Уурхай болон барилгын ажлаас улбаалан өнгөн хөрсийг хуулснаар агаарт дэгдэх тоосны хэмжээг нэмэгдүүлэх нөхцлийг бий болгодог. Уг асуудлыг зохицуулах зорилгоор шаардлагагүй тохиолдолд газар хөндөхгүй байх мөн үйл ажиллагаанд дахин ашиглагдахгүй газрыг тогтворжуулж, нөхөн сэргээлт хийх ажлыг зохион байгуулдаг.

Жилийн зарим улиралд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хатуу хучилтгүй зам дээр тоосжилтийн эх үүсвэр болдог тул үүсч буй тоосыг багасгах зорилгоор замыг услах арга хэмжээг авч байна. Мөн түүнчлэн тоосжилтыг дарахад ашиглаж буй усны хэрэглээг багасгаж, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор тоос дарагч бүтээгдэхүүнийг туршиж байна.

Газар хөндөх ба Нөхөн сэргээлт

Барилга болон бусад дэд бүтцийн байгууламжид зориулж газар хөндөх шаардлага гардаг.Баян Айраг төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг бэлтгэх явцад байгаль орчны суурь судалгааг төслийн талбарт гүйцэтгэсэн. Тус судалгааны явцад илэрсэн амьтан, ургамал болон соёлын дурсгалыг газрын зурагт тэмдэглэсэн бөгөөд газар хөндөх зөвшөөрөл авах хяналт шалгалтын үед тус зургийг үндэслэл болгодог.

Шимт хөрс хуулах ажиллагааг Монгол улсын байгаль орчны стандарт болон ургамлын бүсийн  дагуу гүйцэтгэдэг. Шимт хөрсийг цаашдын нөхөн сэргээлтэнд ашиглах зорилгоор эх үүсвэрийнх нь дагуу ангилж тусгайлан хадгалдаг. Мөн шимт хөрс хуулах, хадгалах, дахин ашиглах тухай компанийн дотоод журмыг мөрдөн ажиллаж байна.  

Манай компани хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх үйл ажиллагааг гүйцэтгэж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгадаг. 2013 онд гэхэд ажилчдын хотхоны орчим 2 га гаруй талбайд MNS5918:2008 стандартын дагуу орон нутгаас авсан мод, олон наст ургамал болон буурцагт ургамлыг тарьсан. Үйл ажиллагаа тогтворжин тухайн газар дахин ашиглагдахгүй болсон тухай бүрд нөхөн сэргээлтийг хойш тавилгүйгээр гүйцэтгэх болно.

2013 онд Байгаль орчны хэлтэс орон нутгийн ургамлын үрийг түүж, бэлтгэсэн. Эдгээр үрүүдийг хэлтсийн хүлэмжинд үрслүүлж, 2014 оны үржүүлгэд хэрэглэнэ. Мөн орон нутгийн бус Монголын ижил төрлийн экосистемд ургадаг модлог ургамал болох хайлаас, улиас, бүйлс болон шар хуас зэргийг туршиж байна.

Их хур тунадастай үед хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор үерийн ус цуглуулах хөв цөөрөм, зайлуулах далан байгуулсан. 

Хаягдал чулуулгын менежмент

Газрын гүн дэх хүхэр агуулсан чулуулаг агаарт гарснаар хүчилтөрөгч ба усны нөлөөллөөр хүчил үүсгэдэг. Харин Баян Айраг төслийн хувьд идэвхтэй чулуулгын хэмжээ маш бага байдаг. Байгаль орчин, Геологи ба Уулын хэлтэс хамтран байгаль орчны хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд хүчил үүсгэх чадвартай чулуулгийг шинжилж дээж авах, тэдгээрийг илрүүлэх аргачлалыг боловсруулах мөн овоолго дээр хаях ажлыг зохицуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Шинжилгээний ажил мөн хаягдал чулуулгийн менежментийн үр дүнгийн биелэлт төслийн турш хэрэгжих болно. 

  

Химийн бодис

Уурхайд химийн бодисыг тоног төхөөрөмжийг цэвэрлэхээс эхлүүлээд чулуулгаас алтыг ялгаж авах хүртэл олон төрлөөр ашигладаг. Тус компани нь химийн бодисыг аюулгүй ашиглах, түүний зохистой хэрэглээг зохицуулах менежментийн төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд Монгол улсын Засгийн газраас шаардлагатай зөвшөөрлүүдийг авч ажиллаж байна.

Байгаль орчны хяналт шинжилгээ:

Ус

Баян Айраг Эксплорэйшн компани барилга угсралт болон бүхий л үйл ажиллагааныхаа явцад ашиглаж байгаа усны эх үүсвэрүүдийн гүн болон усны чанарт хяналт тавьдаг. Мөн төслийн талбайгаас урагш 22 км зайд байрлах Завхан голын нэг цэгт усны чанарын хяналт шинжилгээний ажлыг эхлүүлсэн.

Агаарын чанар
Тоосжилтыг хэмжих сүлжээг уурхай болон боловсруулах үйлдвэрийн ойролцоо 2013 оны зун байрлуулсан бөгөөд ба тус сүлжээ нь PM10 болон PM2.5 нарийн тоосыг мөн тоосны уналтыг хэмжих болно.
 
Цаг агаар

Цаг уурын харуулын хяналтын багажийг Америк улсаас худалдан авсан бөгөөд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны хяналтан дор суурилуулахаар ажиллаж байна.

Хөрс

Төслийн талбайд газар хөндөхөөс өмнө хөрсний дээж авч хяналт хийгдэж байх болно. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу хөрсний дээж авах, шинжлэх ажиллагаа төслийн туршид үргэлжлэх болно.

Амьтан ба ургамлын аймаг

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд амьтан ба ургамлын аймгийн тухай суурь судалгаа багтсан байдаг. Жил бүрийн Байгаль хамгаалах төлөвлөгөөг дээрх үнэлгээнд тулгуурлан боловсруулж, тайлагнана.

Байгаль орчны мэдлэг олгох

Компани уурхайн нөлөөлөлд өртсөн оролцогч талуудад байгаль орчны тухай мэдээлэл өгөх үүргээ ухамсарлан ажилладаг. Сумын удирдлагуудтай харилцахын зэрэгцээ Дөрвөлжин сумын сургуулийн багш сурагчдад зориулж уурхай болон байгаль орчны тухай мэдлэг олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

-          Хог хаягдлын менежмент

-          Ус ба байгаль орчин

-          Хяналт шинжилгээний дадлага

-          Тоосжилтыг хянах

-          Уран сайхан ба байгаль орчны сэдэвт уралдаан тэмцээн

Компаний ажилтнууд Дөрвөлжин сумын сургуулийн сурагчидтай хамтран сургуулийн цэцэрлэгжүүлэлтэнд оролцож, мод тарьсан юм. 

2013 оны 10-р сард Байгаль орчны хэлтсийн үйл ажиллагааны талаар Дөрвөлжин,  Эрдэнэхайрхан сумын иргэд болон сонирхогч талуудад  мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан билээ. Уг өдөрлөгт төрийн засаг захиргаа, иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, иргэд зэрэг нийт 30 хүн оролцсон юм.