Баян Айраг Эксплорэйшн ХХК нь орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдэд сүүлийн үеийн мэдээллийг хүргэж, тэдэнд компанийн бодлого үйл ажиллагааг ойлгуулан сурталчилах, уурхайн үйл ажиллагааг тайлагнах, улмаар иргэдийн санал хүсэлт, сэтгэгдлийг сонсох, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, шүүмжлэлийг цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгах зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/, багийн Иргэдийн Нийтийн Хурлууд  /ИНХ/ тогтмол оролцдог билээ.      

2015 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулах, 2016 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар хэлэлцэх, уурхайн үйл ажиллагааны талаарх иргэдийн сонирхсон асуултад хариулах зорилгоор 2016.01.17-с 2016.01.25-ны хооронд тус сумын 5 баг /Буга, Буурал, Онц, Тавантолгой, Цогт/-ийн Иргэдийн Нийтийн Хурал /ИНХ/-д оролцов.

Мөн энэхүү хурлуудад сумын ЗДТГ, ИТХ-ыг төлөөлөн сумын Засаг дарга Н.Батболд, ИТХ-ын дарга Ц.Цолмон, Баян Дөрвөлжингийн Өгөөж НҮТББ-ийн тэргүүн О.Дэмбэрэл, Хэсгийн төлөөлөгч Мөнхбат, Байгаль хамгаалагч М.Алтансүх нар мөн Монруд ХХК-ийн төлөөлөл оролцож, орон нутгаас мах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Багийн хурлуудад 5 багийн нийт 300 орчим иргэд оролцож, дараах асуудлуудыг тавьсан. Үүнд:

  • Сум орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үр дүн
  • Натрийн Цианид алдагдсан эсэх, ямар арга хэмжээ авсан, хяналт шалгалт, шинжилгээний дүн ямар гарсан тухай
  • Оюутнуудыг зуны амралтаар нь түр ажлын байраар хангаж болох эсэх
  • Дулааны улиралд тоосжилт их байдаг. Энэ асуудлыг анхаарч дорвитой арга хэмжээ авах
  • Ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх эсэх гэх мэт

 

Мөн Буга, Буурал, Онц, Тавантолгой багийн иргэд Баян Айраг Эксплорэйшн ХХК-аас хувь хишиг хүртээх шаардлагыг тавьж, баг бүрийн хөгжилд зориулан олгож буй 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Цогт багтай ижил төвшинд хүргэх, эсвэл 5 багт тэнцүү хэмжээнд хуваарилах гэсэн 2 асуудлыг тавьсан.